Дельталётын тухай
logo

Дельталёт гэж юу вэ?

Дельталёт гэдэг нь хүндийн төвийг шилжүүлэн нисдэг хэт хөнгөн онгоц юм. Өөрөөр хэлбэл далавчны хүндийн төв цэг дээр бэхлэгдсэн тэргэнцэр нь далавчтай харицсан хөдөлгөөний үндсэн дээр удирдагдан нислэг үйлддэг болхи маягийн төхөөрмж гэсэн үг. Үүнийг мөн өөрөөр тайлбарлавал, дельталёт нь хоорондоо тусгай холбоосоор холбогдсон хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэг нь аэродинамикийн далавч буюу маш сайн чанарын хөнгөн цагааны хайлш хоолойгоор зангигдаж, лавсан маягийн даавуугаар бүрхэгдсэн орчин үеийн өндөр технологиор бүтээгдсэн төхөөрөмж юм. Далавчийг зохион бүтээх нь бүхэл бүтэн шинжлэх ухаан. Ямар тооцоо гаргаж, юугаар хийж бүтээхээс шалтгаалан тухайн нисдэг төхөөрөмжийн нислэгийн зан чанар нь гарч ирдэг. Хоёрдугаар хэсэг нь хүн суух суудал, түлхэгч сэнстэй хөдөлгүүр, хянах самбар болон дугуйтай тэргэнцэр юм. Дельталёт нь онгоцтой адил дугуйны тусламжтайгаар хөөрч буудаг.

       Би дельталёт худалдаж авах хүсэлтэй байна. Ямар нь дээр вэ? Юуны өмнө тухайн хүний худалдан авах чадвараас хамаарна. Өнөөдрийн зах зээл дээр маш олон төрлийн дельталётууд 5000-аас 65000 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа. Мэдээж сэтгэлийн хөөрөлд автагдан өнгө үзэмжинд дурлан сонголтоо хийж болохгүй. Тухайн дельталётын бүх сайн ба муу талыг нь сайн судлаад, нисэж үзээд, түүний дараа таны хүсэл сонирхолд хэр нийцэж байгаагаас шалтгаалан худалдан авалт хийж болно.

 

Дельталёт нь юугаараа бусад нисдэг төхөөрөмжөөс илүү вэ?

1. Боломжийн үнэтэй

2. Арчилах болон ашиглахад хялбар

3. Хадгалахад энгийн ба машины граж байхад л хангалттай

4. Ачиж тээвэрлэхэд хялбар

5. Хөөрч буух талбай нь тэгш гадаргуу байхад л болно.

 

Дельталётоор нисэхийн тулд юу мэдэж байх хэрэгтэй вэ?

1. Дельталётоор зөвхөн өглөө оройны тогтуун үе болон зуны нар багатай бүрхэг өдөр нисдэг. Өвөл нисэхэд их тохиромжтой боловч хүйтэн байдаг.

2. Нислэг үйлдэж болох орон зайг сайн мэдэж байх хэрэгтэй ба хот суурин газар болон нисэх буудлын ойр нисэх хориотой.

3. Дельталёт нь өөрийн ашиглалтын зардал маш бага байдаг ч төрөл бүрийн зөвшөөрөл, татвар, хадгалалт, засвар үйлчилгээнд их мөнгө зарцуулдаг.

4. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгүүр унтарсан тохиолдолд аюулгүй бууж болох газраар нислэг үйлддэг.

 

Би клубд бүртгүүлэх гэсэн юм. Хаана байрладаг вэ? Өнөөгийн клуб гэдэг нь орчин үеийн хөгжлийг дагаад эдийн засгийн тогтолцоонд орсныг эрх биш ТА гадарлаж байгаа байх. Бүх клубууд зах зээлд шилжин арилжааны хэлбэртэй болсон. Мэдээж гишүүний татвар болон бусад дэмжлэг хандив авдаг ч нислэгийн сургалт болон нислэгийн аялалын зардал нь олон улсын жишиг үнийг даган хэлбэлзэж байдаг юм. Манай “X-TEAM” клуб нь дельталётын сургалт нислэг зохион байгуулдаг цорын ганц байгууллага юм. Бид Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших Цонжин-Болдог хэмээх түүхэн газар байрладаг ба тус байгууллагын “НИСЛЭГ” төв нь өөрийн гэсэн 850 м урт хөөрч буух зурвастай, хэт хөнгөн онгоц хадгалах болон засвар үйлчилгээ хийх ангартай бөгөөд онолын сургалт явуулах иж бүрэн сургалтын танхимтай. Мөн таны ая тухыг бүрэн хангасан амралтын гэр ба байшинтай, 40-50 хүн хүлээн авах ресторантай, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай юм.

Дельталётыг зохион бүтээж болох уу? Бололгүй яахав, гэхдээ нислэгийн аюулгүй байдлыг хангаж нислэг үйлдэхийн тулд өнөөдөр аюулгүй байдлыг хангасан бэлэн дельталётыг бүтэн байдлаар нь худалдан авхаас гадна хагас угсраатай болон бүтэн эд ангиас тогтсон КИТ-ыг худалдан аваад өөрөө угсарч нисэж болно. Мэргэжлийн хүмүүстэй уулзаж заавар зөвөлгөөг тусгах нь зүйтэй. Угсарч бэлэн болсон төхөөрөмжийг заавал мэргэжлийн нисэгчээр анхны нислэг хийлгүүлэн бүх НО-г гарган илрүүлээд засаж залруулсаны дараа Та нисэж болох юм. Мэдээж Та нисэгч бол шүү дээ. Өнөөдөр интернээтээс бүх мэдээллийг олж авч болно. ОХУ-ын зохион бүтээгч Клименко А.П., Никитин И.В. нарын бичсэн “Мотортой дельтапланы онол ба нислэгийн үндэс суурь” гэсэн номыг судлаад үзэхэд илүүдэхгүй.

Хэр аюултай спорт вэ? Дүрэм ба нислэг үйлдэх түр зааврыг зөрчвөл аюултай. Тийм учир дельталётоор нисэхийн тулд мэргэжлийн сургалтанд хамрагдан тодорхой дадлагатай болох нь хамгийн чухал байдаг. Өнөөдрийг хүртэл дельталётын нисэгч нь санамсаргүй болоод санаатайгаар зорчигчоо хөнөөсөн түүх байдаггүй юм.

Их хэврэг харагдах юм? Мэдээж тийм харагддаг байх. Гэвч бат бөх байлаа гээд уналтаас үүсэх инерцийн хүчийг саармагжуулахгүй нь лав. Өнөөдрийн хэрэглэж байгаа их биеийн бүтэц зохион байгуулалт нь эдэлгээний чанарыг хангалттай хангаж байдаг юм.

Нислэгийн үед нисэгч ямар үйлдэл хийхгүй байх нь дээр вэ? Нислэгийн хурд алдаж болохгүй. Далавчны гадаргуу дээгүүр дайрч өнгөрөх агаарын урсгал нь идэвхгүй болж далавч ямарч удирдлагагүй байдалд ордог. Энэ нь дараа дараагийн аюултай байдалд орох нөхцөл нь болдог. Тухайлбал урагшаа аль эсвэл хойшоо эргэлтэнд орж агаарт бүрэн задарч унах юм. Тийм учраас дельталётоор бага өндөрт огцом өндөр аваад агаарт тогтох байдлийг хэрхэвч үүсгэж болохгүй.

Яагаад унадаг юм бол? Тэр нь тасарч, энэ нь эвдэрсэн гэх зүйлээс дельталётын сүйрлийн тухай мэдээлэл олдохгүй. Гэхдээ амьд үлдсэн дельталётын нисэгчдийн нийт ярьсан ярианаас нь үзэхэд өдрийн цагаар энэ тэнд гэнэт үүсдэг маш хүчтэй доошлох агаарын урсгал сүйрэлд хүргэдэг байна. Ж-нь: дельталётын өндөр авах хүч нь 5м/с байг гэтэл доошоо урсах тэр агаарын хүч нь 20м/с байвал юу болох нь тодорхой юм. Тийм учир дельталётоор зөвхөн өглөө оройны тогтуун үед нисдэг нь учиртай юм.

Дельталётоор нислэгийн маяг хийж болох уу? Болдог. Үхлийн гогцоо ч хийж болно. Гэхдээ үйлдвэрлэгч нь үүнийг хийхийг санал болгодоггүй. Үйлдвэрлэгчээс тогтоосон нислэгийн горимыг даган нислэг үйлдсэн дээр байдаг.

Хөдөлгүүр унтарсан тохиолдолд газардаж болох уу? Болно. Сургалт нислэгийн программ болон шалгалтын хуваарьт хөдөлгүүр унтрааж газардах үйлдлийг заавал хийдэг.

Нисэгч болон зорчигч аврах шүхэртэй байдаг уу? Үгүй, өнөөдрийн байдлаар хүн нэг бүрийн аврах шүхрийг хэт хөнгөн онгоцны үйл ажиллагаанд хэрэглэдэггүй юм. Харин хэт хөнгөн онгоцыг бүхэлд нь аврах тусгай зориулалтын том шүхэр байдаг. Энэ шүхэр хангалттай өндөрт нисэж яваа үед л ашигтай, харин бага өндөрт бол ашиггүй. Том шүхрийн доошлох хурд нь 8 м/с байдаг, энэ нь нисдэг төхөөрөмж болон хүнийг эвдрэл гэмтлээс аврах бус зөвхөн амь насыг нь авардаг.

Дельталёт хөөрч буух ямар зурвас хэрэгтэй вэ? Өргөнөөр 10м, уртаараа 500м байхад хангалттай гэж тооцогддог. Мэдээж хөөрөлт буултын ойртолтын шулуунд цахилгааны шон, шугам болон элдвийн барилга байгууламж байх хэрэггүй байдаг. Гарааны цэгээс 50 м-ийн өндөр авах хүртэл 1000-1500 байвал сайн байдаг.

Дельталётыг хэрхэн тээвэрлэх вэ? Манай нөхцөлд тусгай зориулалтын чиргүүлийг захиалгаар хийлгэн ЗЦГ-аас зөвшөөрөл болон дугаар авсан нөхцөлд тээвэрлэх боломжтой байдаг. Эсвэл 5м урттай, 2м өндөр амбаартай ачааны машин байхад хангалттай байдаг. Дотор нь тэргэнцэрийн дугуй болон далавчийг тээвэрлэх тусгай зориулалтын бэхэлгээ хийж өгнө. Бүрэн бүтэн байдал мөн тоос шороо орохгүй учир энэ төрлийн тээвэрлэлт нь арай дээр байдаг.

Дельталёт нь ямар хурдтай нисдэг вэ? Дельталётын хамгийн бага хурд нь 45-55 км/ц, ашигтай хурд нь 75-95 км/ц, хамгийн их хурд 125-135 км/ц байдаг. Дэлхийн рекорд бол 170км/ц юм.

            Дельталётын нислэгийн алслалт нь хэд байдаг вэ? Жирийн цаг агаарын үед дельталёт нь өөрийн техник өгөгдөлийн чанараар нисдэг. Ж-нь: 30л шатхуунтай байж нэг цагийн шатхууны зарцуулалт 10л гэж бодоод нислэгийн дундаж хурд нь 80 км/ц гэж бодвол 80*2,5=200км хол нисэж болно. 5л шатахуун нь шавхагдашгүй хэмжээ юм.

 

Ямар салхитай үед нисч болох вэ? Мэдээж нисэгчийн чадвараас их шалтгаална. Гэхдээ салхины хүчтэй байдлаас бус хуйлралт ихтэй салхитай үед нисэх хэцүү байдаг. Маш хүчтэй хуйлрал ихтэй салхитай үед нисэх нь нисэх бус амьдралын төлөө тэмцэл болж хувирдаг. Хажуугийн 3-5 м/с, урдаас 8-10м/с салхины дээд хязгаар юм.

Хамгийн дээд хэдэд метр өндөрт нисдэг вэ? 30 морины хүчтэй хөдөлгүүртэй дельталёт нь 1000м, 64 морины хүчтэй хөдөлгүүртэй дельталёт нь 4500м-рт тус тус гарч, делхий рекод нь 10000м-рт гарсан байдаг.

Дельталётоор өөрөө бие даан сурч болох уу? Үгүй. Дельталётын хөгжлийн түүхэнд өөрөө бие даан сурсан хүмүүс их байдаг ч өнөөдрийн энэ түвшний сургалтын арга зүй болон технологи нь хамгийн шилдэг гэж тооцогддог юм. Үүнийг зөрчвөөс нислэгийн аюулгүйн байдалд шууд нөлөөлж гэмтэж бэртхээс аваад амь насаа алдах ч эрсдэлд орж болно. Тийм учир нэгэнт цусаар бичигдсэн дүрмийг чандлан биелүүлэж нислэг үйлдсэн дээр байдаг.

Дельталётоор ан болон загасанд явж болох уу? Болохгүй. Дельталётоор хэр хол ямар газар бууна гэж нисхэв дээ? Аливаа нэг нислэг үйлдэх бол заавал аюулгүйн байдлыг хангах зорилт тавьж нислэг төлөвлөдөг. Дельталёт нь агаараас ан гөрөө хийх тохирох унаа биш. Харин өглөө оройны тогтуун үед байгалийн сайхан зураг авах ан амьтан үзэх, эргүүл хайгуул хийхэд тохиромжтой юм.

 

 

 

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

111699
ӨнөөдөрӨнөөдөр50
ӨчигдөрӨчигдөр45
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт340
Энэ сардЭнэ сард1227
НийтНийт111699