Автожирын тухай
logo

Автожир

Автожи́р гэдэг нь (грек αύτός — өөрөө ба γύρος — тойрог), сэнсэн далавчтай нисдэг төхөөрөмж буюу босоо голчийн дагуу чөлөөтэйгээр эргэх роторыг хөдөлгөөний зүгт тодорхой дайрах булантайгаар байрлуулан хөдлөхөд хүн тээж нисэх чадалтай агаараас хүнд нисдэг төхөөрөмжийг хэлдэг. Мөн гирокоптер буюу роторплан гэх нь ч бий. Нисдэг тэрэгний адил автожир нь дээд сэнсний өргөлтийн хүч үүсгэн нисдэг, гэхдээ дээд сэнс нь хөдөлгүүрийн бус аэродинамикийн хүчний тусламжтайгаар чөлөөтэй эрчлэн эргэдгээрээ  ялгаатай байдаг. Автожирын сэнс нь энгийн бүтэцтэй бөгөөд тогтсон нэг дайрах булантай байрласан байдаг. /Нисдэг тэрэг шиг дайрах булангаа өөрчлөхгүй/ Харин дээд ротор нь өөрөө голчийн дагуу хазааж байдаг нь яаг л онгоцны далавчийн адил тодорхой давших булантай урсгал өөд байрлуулдаг. /Нисдэг тэрэг бол хөдөлгөөний зүг сэнсээ хазайлгадаг/ Түүнээс гадна автожир нь урд эсвэл хойд талд байрласан сэнсний татах/түлхэх хүчний тусламжтайгаар чиг шулуун хөдөлгөөнийг бий болгодог. Мөн автожир нь нисдэг тэрэгнээс нэг том ялгаатай байдал нь эрчлэн эргэх дээд сэнс буюу ротор нь хөдөлгүүртэй холбогдоогүй байдаг. Анх 1919 онд испаний инженер Хуан де ла Сиерва нь С-4 гэдэг автожир зохион бүтээж 1923 оны нэгдүгээр сарын 9-нд анхныхаа нислэгийг үйлдсэн байдаг. Анхны автожирууд нь онгоцны адил удирдаж байсан ба газардах нь нислэгийн хэцүү үед тооцогддог байжээ. Орчин үеийн автожирууд нь дээд эрчлэн эргэх сэнсний хавтгай тойргийг хазаалган нисдэг төхөөрөмжийн хурднаас хамааралгүй гүйхгүйгээр газардаж чаддаг болжээ. Өөр нэг төрлийн автожирууд нь хөдөлгүүрийн голчтой анхан шатны үед холбогдон, дээд сэнс эрчлэн эргэх хурдаа авсан хойно салж, үсрэх мэт хөөрч тодорхой өндөрт гарсан хойно чөлөөтэй эрчлэн эргэх шатанд шилждэг болжээ. 1930 аад онд автожирын хөгжил дээд цэгтээ хүрч улмаар нисдэг тэрэгний хөгжилд даруулан нэг хэсэг чимээгүй болсон байдаг. Гэвч, Америкийн инженер Игорь Бенсэн гэгч нь өөрийн зохион бүтээсэн гирокоптерүүдийг сайн сурталчилж, түүний бүтээсэн энгийн бөгөөд хямд үнэтэй байдал нь өргөн хүрээний хүмүүс сонирхож эхэлсний ачаар 1950 оны сүүл 1960 оны эхээр дахин хөгжлийн шинэ  шатанд орсон гэдэг. 1960 онд Америк болон Канадад хоёр хүний суудалтай 3-н төрлийн автожирууд нь гэрчилгээжсэн юм.

  • Umbaugh 18A (позже известный как Air & Space 18A)
  • McCulloch J-2
  • Avian 2/180            Энэ гурван автожирээс эхний хоёр нь олон тоогоор үйлдвэрлэгдэж байсан ба зарим нэг нь одоо хүртэл Калифорни мужид нэрийг өөрчилж Пегасус нэртэй нисэж байна. Ихэнх автожирууд нь нисдэг тэрэгний адил дээшээ хөөрч чадахгүй, гэхдээ дээд сэнсийг урьдчилан эрчлэн эргүүлэх системд холбогдсон нөхцөлд онгоцыг бодвол хамаагүй бага 10-50м-ийн зайд хөөрч чаддаг юм. Автожирууд нь хүчтэй салхитай үед нэг цэгт нисдэг тэрэг шиг тогтдог ба газарт буух зай бол өөрийн биеийн уртнаас хэтрэхгүй зайнд буудгаараа давуу байдаг. Автожир нь нислэгийн аюулгүйн байдал нь зарим нэг талаараа нисдэг тэрэг болон онгоцнуудаас давуу талтай байдаг. Онгоц хурд алдвал штопорт орж унадаг бол автожир нь хөдөлгүүр унтарсан үед унахгүй зүгээр л шүхэрлэж буух юм. Энэ үед автожир нь хэзээд удирдлаганд захирагдах ба нисэгч нь шаарлагатай үед халин нисэж байгаад огт мэдэхгүй танихгүй газар алгын чинээ газарт бууж болно. Автожирын хурд нь бага оврын нисдэг тэрэгний хурдтай адил байх ба хөнгөн онгоцоос дутахааргүй юм. Жирийн автожир нь өөрийн ашиглалтын өртөг нь бага, автомашинтай зүйрлэж болох болов ч, бөглөрөөнд цаг алдаж зогсохгүй сайхан юм. Одооны автожирууд нь 180 км/ц хурдтай нисэх ба 100 км –рт ямар жинтэй нисэж байгаагаас шалтгаалан 9-15 литр АИ 95 маркийн бензин зарцуулдаг. Өөр нэг давуу тал нь нисдэг тэргийг бодвол чичиргээ бага байдаг нь агаарын бүх төрлийн зураг авах, эргүүл хийх нэн тохиромжтой мөн маш хүчтэй салхитай үед /20м/с/ нисэж болдог. Дэлхийд хамгийн их өргөн тархсан автожирууд бол Герман улсын “AUTOGYRO” компанийн бүтээгдэхүн юм. 2003 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар нэг жилийн турш 300 ширхэг төхөөрөмж үйлдвэрлэж байна.

Автожир нь: татагч сэнстэй /анх үүссэн автожирын хэлбэр/ буюу тулхэгч сэнстэй /одоо цагийн өргөн хэрэглэж буй хэлбэр/ гэж хоёр төрөлд хуваагддаг. Эхний төрлийн давуу тал нь урдаас ирж буй агаар нь хөдөлгүүрээ сайн хөргөдөг, мөн ослын үед газар мөргөх тохиолдолд аюулгүй байдал нь арай илүү  байдаг. Тэгвэл, ардаа сэнстэй автожирын хөдөлгүүр нь ослын үед урд байгаа нисэгчээ гэмтээх аюултай байвал бүхээгнээс үзэж харах боломж нь арай илүү байдаг байна. Энэ нь, тус бүр өөр өөрийн гэсэн сул ба давуу талтай гэсэн үг юм.

Давуу тал:

  • Автожир нь нисдэг тэрэг болон хөнгөн онгоцийг бодвол хямд үнэтэй
  • Жолоодоход арай хялбар
  • Хамгийн аюулгүй нисдэг төхөөрөмж гэдгийг доорхи хэдэн онцлог харуулж байна:

-Штопорт ордоггүй

-Хөдөлгүүр унтарсан үед маш зөөлөн газардах

-Газардах талбайн шаардлага бага

-Босоо урсгал болон агаарын хуйлралтыг бараг мэдрэхгүй

 Автожир нь өөрийн гэсэн нислэгийн аюултай нислэгийн үе шатууд байдаг. Роторын ачаалалгүй үе, өнхрөлт болон бусад. Хамгийн аюултай үзэгдэл бол өнхрөлт юм. Энэ нь чиг залуурын хангалтгүй хэлбэр болон хүндийн төв нь буруу байрлаж түлхэгч сэнсний түлхэлтийн хүчний векторын алдаатай автожируудад илүү их тохиолддог. Автожирээр мөстөлт үүсэх нөхцөлтэй үед нислэг хийвэл ротор нь мөстөж хэлбэр алдан өөрөө эрчлэн эргэх хүч алдан уналтын байдалд ордог.

 

Автожирыг тойрсон асуултууд

1.Би бие дааж автожирээр нисэж сурч болох уу?

2.Би туршлагтай /онгоц, нисдэг тэрэг, дельталёт/-ын нисгэгч! Би сургалтад хамрагдах уу?

3.Би хаана автожирээр нисэж сурч болох вэ?

4.Автожирт хэр зэрэг урт хөөрч буух зурвас шаардлагатай вэ?

5.Автожиртэй эгц доошоо газардаж болох уу?

6.Автожир хэр зэрэг өндөрт гарч чадах вэ?

7.Автожирын аэродинамикийн чанар хэд вэ?

8.Засвар үйлчилгээг бие даан хийж болох уу?

9.Автожирын эвдэрсэн эд ангийг өөр эд ангиар орлуулан тавьж болох уу?

10.Автожирын ашиглалтын хугацаа хэд вэ?

11.Автожирыг бүртгэлд хамруулах шаардлагатай юу?

12.Дээд сэнсийг байрлуулж буулгахад хэр хүндрэлтэй вэ?

13.Автожирыг хөдөө аж ахуйд ашиглаж болох уу?

14.Автожир нь аюулгүй нисдэг төхөөрөмж  мөн үү?

15.Нисдэг тэрэг болон онгоцноос  юугаараа давуу талтай байдаг вэ?

16.Агаарт хөдөлгүүр унтарсан тохиолдолд юу болох вэ?

17.Автожир нь хөөрхөөс өмнө урьдчилан эрчлэн эргүүлэх төхөөрөмжийг ашиглах нь зөв үү?

18.Нислэгийн үед ямар аюултай үзэгдлүүд учирч болох вэ?   

 

1.Би бие дааж автожирээр нисэж сурч болох уу? Үгүй! Үүнийг бүү хийгээрэй! Хэрэв та нисэхэд ухамсартай ханддаг бол дадлага туршлагатай зааварлагч багшийн хяналтан доор сургалтанд хамрагдахыг бид шаарддаг. Автожирээр нисэж сурахад хэцүү биш гэхдээ өөрийн гэсэн энгийн үзүүлэлтүүдтэй байдаг. Хэрэв үүнийг зохих ёсоор тайлбарласныг ойлгоогүй бол Та хүнд бэртэх эсвэл амиа алдах аюултай! Стандарт сургалтын программ нь 15-20 цагийн нислэгийн дадлагаас бүрддэг. Энэ нь ойролцоо 5-6 сая төгрөгтэй тэнцэж танд маш их мөнгө мэт санагдах байх. Гэхдээ та өөрийнхөө амь насаа хэр зэрэг үнэлдэг вэ? Бие дааж автожирээр нисэж сурсан /амьд үлдсэн/ нисгэгчдийн  дийлэнх нь нэг биш удаа дээд сэнсээ эвдэлдэг байсан. Зөвхөн нэг роторын сэнсний үнэ нь сургалтын зардалтай тэнцдэг. Тэгвэл, сургалтан дээр мөнгө хэмнэх шаардлагатай юм уу?

2.Би туршлагтай /онгоц, нисдэг тэрэг, дельталёт/-ын нисгэгч! Би сургалтад хамрагдах уу? Мэдээж! Автожир-маш сайн нисдэг төхөөрөмж учраас түүнд заавал дадах хэрэгтэй байдаг. Хэрэв та нисэж байсан бол бие дааж нислэгт гарах нь арай хурдан байх болов уу...

3.Би хаана автожирээр нисэж сурч болох вэ? Манай байгууллагад, хэрэв та автожир худалдаж авсан тохиолдолд сургалт нь тодорхой хөнгөлөлттэй байдаг.

4.Автожирт хэр зэрэг урт хөөрч буух зурвас шаардлагатай вэ? Хэрэв таны автожир урьдчилан эрчлэн эргүүлэх төхөөрөмжтэй бол 25-150 м урттай, тэгш гадаргуутай зурвас газар байхад л хангалттай. Автожир нь өөрийн биеийн уртнаас хэтрэхгүй зайнд бууж чаддаг юм.

5.Автожиртэй эгц доошоо газардаж болох уу? Үгүй! Нисдэг тэргийг бодвол автожир нь үүнийг хийж чадахгүй. Автожир нь шүхэрлэж доошоо тодорхой өндөрт ороод цааш нь халин нисэх байдалд шилжин газардах юм. Энэ арга нь сургалтын үед хэрэглэгддэг.

6.Автожир хэр зэрэг өндөрт гарч чадах вэ? Задгай бүхээгтэй нисдэг төхөөрөмжийн өндрийн хязгаар бол 4000 метр байдаг. Хамгийн өндөрт гарсан автожир бол Доминатор гэдэг автожир юм. Гэхдээ тусгай зориулалтын хүчил төрөгчийн тоноглолтой өндрийн хөдөлгүүрийн ачаар 8000 м гарсан гэдэг.

7.Автожирын аэродинамикийн чанар хэд вэ? Автожирын аэродинамикийн чанар 4 байдаг. Энэ нь цаг агаарын тогтуун үед 1000 метрийн өндрөөс 4000м зайнд нисэж чадна гэсэн үг.

8.Засвар үйлчилгээг бие даан хийж болох уу? Болно! Хэрэв та засвар үйлчилгээ хийх туршлагатай ба сольж тавьсан эд ангидаа өөрөө баталгаа гаргаж байна гэсэн үг.

9.Автожирын эвдэрсэн эд ангийг өөр эд ангиар орлуулан тавьж болох уу? Бид үүнийг хийхийг зөвлөдөггүй юм. Автожир нь өөрийн гэсэн стандарттай байдаг. Энэ стандартын дагуу нислэгт тэнцэх гэрчилгээ олгодог. Гэвч, автожирын зарим эд ангийг сайжруулах талын шинэлэг санаа бүрийг бид дэмжиж байдаг тул энэ хаягаар мэдэгдэнэ үү.

10.Автожирын ашиглалтын хугацаа хэд вэ? Автожирын ашиглалтын хугацаа үндсэн гурван үзүүлэлтээс бүрддэг:

1.Дээд сэнс буюу роторын ашиглалтын хугацаа 1000 цаг байхаас санал болгодог хугацаа нь 2000 цаг байдаг. Үүнийг шалгасан байх шаардлагатай байдаг.

2.Ерөнхий биеийн ашиглалтын хугацаа 1000 цаг байдаг ба ерөнхий байдлаас хамаарч сунгагдаж болно.

3.Хөдөлгүүрийн ашиглалтын хугацаа нь Та ямар хөдөлгүүр хэрэглэж байгаагаас хамаарна. Хоёр такт хөдөлгүүрийн засвар үйлчилгээний хоорондын хугацаа 300 цаг байдаг. Нийт 900 цаг. Дөрвөн такт хөдөлгүүрийн нь засвар хоорондын хугацаа 1000 цаг, хуучин хөдөлгүүр 700-1000 цаг байдаг. Гэхдээ бодит ашиглалтын хугацаа бол маш олон зүйлээс хамаардаг: цаг уур, хадгалалт, нислэг, ашиглалтын төрөл г.м. Нислэг бүрийн өмнө үзлэг сайтар хийж, 250 цаг тутам ерөнхий зангилаасуудыг байнга шалгах хэрэгтэй байдаг.

11.Автожирыг бүртгэлд хамруулах шаардлагатай юу? ИНД –ээр бол ерөнхий

зориулалтын нисдэг төхөөрөмж бүртгэлд хамруулах шаардлагагүй зөвхөн нислэг үйлдэх орчиндоо ямар өнгөтэй байхыг нислэгийн удирдах албанд мэдэгдсэн байх шаардлагатай./энэ өөрчлөгдөж байгаа гэсэн/

12.Дээд сэнсийг байрлуулах ба буулгах нь хэр хүндрэлтэй вэ? Хүндрэл байхгүй ээ, үүнийг 20-30 мин дотор 2 хүн бага зэргийн татлага хэрэглэн гүйцэтгэж чадна.

13.Автожирыг ХАА-ийд хэрэглэж болох уу? Сүүлийн үед автожирын нислэгийн өвөрмөц зан чанар дээр тулгуурлан хорны сав болон хор цацах тоноглол зүүж авиахимийн тэмцлийн ажилд маш ихээр ашиглах  болсон.

14.Автожир нь - аюулгүй нисдэг төхөөрөмж мөн үү? Юуны өмнө та нэг зүйлийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй: Нисэх нь, гэмтэх, шархадах, амь насаа алдах эрсдэлтэй байдаг. Маш олон мэргэжлийн нисэгч нар нь, автожирээр нисэх нь маш хялбар мэт бодож бие даан нисэх оролдлого хийн осолд орж гэмтэж бэртдэг юм. Автожир нь маш олон үзүүлэлтээрээ нисдэг тэрэг болон онгоцийг аюулгүй үзүүлэлтээрээ давж байдаг ч, Та:

МЭРЭГЖЛИЙН БАГШ ЗААВАРЛАГЧИЙН ХЯНАЛТАН ДООР АВТОЖИРИЙН СУРГАЛТЫН ПРОГРАММЫГ ДҮҮРГЭСЭН БАЙХ ЁСТОЙ!

АВТОЖИРТ, НИСЛЭГ ҮЙЛДХЭЭС ӨМНӨ ЗААВАЛ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙ. Автожирын бүх эд анги болон механизмыг шалгаж үзхэд хялбар байдаг. Элэгдэл их явагддаг газруудад тодорхой анхаарал тавиагүйгээс болж азгүй байдал үүсдэг нь олон жилийн ашиглалтын үйл ажиллагаанаас харж болно.

ТА, АВТОЖИРЫН НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖ, ХЯЗГААРЛАЛТ БОЛОН ӨӨРИЙН БИЕИЙН БОЛОМЖИЙГ МАШ САЙН МЭДЭХ ЁСТОЙ. Нислэг бүрийн өмнө Та өөрийн биеийн байдал болон цаг агаарын нөхцөлийг сайтар судалж дүгнэлт хийсэн байх ёстой. Маш их олон нислэг үйлдэж, туршлага сууж нисэгч болдог юм.

 15. Автожир нь нисдэг тэрэг болон онгоцноос ямар давуу талтай байдаг вэ?

1.Салхи болон агаарын хуйлралтыг бага мэдэрдэгээрээ онцлог юм.

2.Автожир нь хөдөлгүүр болон ачаалал авсан байдлаасаа шалтгаалж агаарын 15-180 км/ц хурдны өргөн хязгаартай.

3.Хэрэв та нислэгийн үед жолоондоо байнга анхаарал тавьж нислэг үйлдэхийг хүсэж байвал Автожир нь танд тохирох унаа биш юм байна. Харин, нислэгээс таашаал авч эргэн тойронд өндрөөс юм харж нисэхийг хүсэж байвал Автожир нь таны таалалд бүрэн нийцэнэ гэдэгт итгэлтэй байна.

4. Газардах талбайн хэмжээ нь таны жолооны чадвараас шалтгаалж автожирын өөрийн биеийн хэмжээнээс хэтрэхгүй.

5.Автожирын агаарт хийх маягийг зөвхөн нисдэг тэрэг л хийж  чадна. 180 градуст эргэлт үйлдэхэд 3 секунд, хажуу тийш нисэх, агаарт байрандаа тогтох, хойшоо /5-6 м/с салхитай үед /нисэх г.м.

6.Нислэгт бэлдэж гарах хугацаа бага.

7.Агаарт хурд алдаж унахгүй. Онгоц болон дельталёт нь агаарт хурд алдвал хажуу тийш гулгаж улмаар өндөр бага байвал осолддог. Автожир нь хурд алдсан тохиолдолд доошоо шүхэрлэн улмаар нисэгчийн бага зэргийн оролцоотойгоор нислэгийн хэвийн байдалд ордог юм.

16.Агаарт хөдөлгүүр унтарвал юу болох вэ? Энэ байдалд орсон автожир нь бусад нисдэг төхөөрөмжүүдээс давуу байдалтай байдаг. Хөдөлгүүр зогсоход автожирын дээд сэнсний эргэлт үргэлжилсээр байх ба халин нисэх өнцөг нь онгоц болон дельталётыг бодвол арай бага байна. Тийм учраас нисэгч нь арай хурдан буух газраа олж тогтоох ёстой байдаг. Онгоц болон дельталётын зайлшгүй эвдрэл гэмтэл авах байсан газарт автожир нь бараг тэг хурдтайгаар газардаж чадах юм.

17.Автожир нь хөөрөхийн өмнө дээд сэнсээ урьдчилан эрчлэн эргүүлэх хэрэгтэй юу? Тийм,  дээд сэнсээ урьдчилан эрчлэн эргүүлсэнээр хөөрөх зай багасдаг юм. Хэрэв 10 м/с сахитай байвал  дээд сэнсээ урьдчилан эрчлэн эргүүлсэн тохиолдолд байрнаасаа шууд дээшээ нисдэг тэрэг адил хөөрч болдог.

18.Ямар аюултай үздэгдлүүд автожирийн нислэгийн үед тохиолдож болох вэ? ХҮЧИЛСЭН ЭРГЭЛТ /PPO буюу Power Push Over/. Автожирын нислэгийн үед дээд сэнсний өргөлтийн хүч болон түлхэгч сэнсний татах хүч үйлчилдэг. Хэрэв татах хүч нь хүндийн төвөөс дээшээ гарвал РРО буюу энэ үзэгдэлд орох боломжтой юм.    

СӨРӨГ АЧААЛАЛТАЙ БОЛОН ХУРД БАГАТАЙ НИСЛЭГ БҮҮ ХИЙГЭЭРЭЙ!  Шумбалтаас гарах мөн дээшээ хурд алдтал өгсөж явах үед төхөөрөмж хэсэг агаарт дүүжлэгдэх мэт болж дээд сэнс нь ачаалалгүй болдог. Энэ үед дээд сэнс эргэх эрчээ алдаж татах хүч нь хүндийн төвөөс дээшээ гарсан тохиолдолд агшин зур автожир нь хүчилсэн эргэлтэнд ордог. Энэ үед нисэгч ямар нэг үйлдэл хийх боломжгүй байдаг тул төхөөрөмж агаарт эвдрэн унадаг. Орчин үеийн автожирууд нь энэ үзэгдэлд орох нь бага байдаг, учир нь зохион бүтээгчид нь дээрх үеийн автожируудын бүтэц зохион байгуулалтыг сайн судалж үзээд энэ үзэгдэлд бага орох нөхцөлтэйгээр одоо цагт үйлдвэрлэж байна. Хэрэв энэ үзэгдэлд орох юм бол орчин үеийн автожирууд нь шууд шүхэрлэх байдалд орох юм. Үүнийг мэдсэн нисэгч нь зөвхөн хурдаа хасч тодорхой зайн халин нисч хэвийн байдалдаа орно.    

 

Валютын ханш

Цаг агаар

 

Манай сайтын зочид

112926
ӨнөөдөрӨнөөдөр3
ӨчигдөрӨчигдөр61
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт99
Энэ сардЭнэ сард582
НийтНийт112926